Засгийн газраас боловсрол, төрийн өмчит компаниудын удирдлагатай холбоотой шийдвэрүүд гаргалаа

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар боловсрол, уул уурхай болон төрийн өмчит компаниудын удирдлагатай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталсан талаар мэдээлэв. Энэхүү хүрээнд нийт 300 мянган компьютерийг санхүүгийн түрээсээр худалдан авах бөгөөд одоогийн нэг ангид байгаа 2-3 компьютерыг нэмэгдүүлж, 1-2 сурагч дундаа нэг компьютертэй болохоор төлөвлөж байна. ПИСА-гийн үнэлгээгээр манай сурагчдын уншиж бичих чадвар сул байгаа тул энэ хоцрогдлыг нөхөх зорилготой юм. Компьютер худалдан авах ажлыг Хөгжлийн банк хариуцах бөгөөд төсвөөс мөнгө зарцуулахгүй. Нэг хромбүүкийн үнэ 1.5 сая төгрөг бөгөөд нийт 300-350 тэрбум төгрөгийн худалдан авалтыг Гүүглийн Хромбүүкээс хийхээр төлөвлөжээ. Худалдан авалтын сонгон шалгаруулалтыг ил тод зарлаж, Гүүглийн Хромбүүкийн үйлдвэрийг Монголд байгуулах, дотоодын компаниудтай хамтран ажиллах нөхцөл тавих юм. Мөн ирэх намраас нэг ангид нэг ухаалаг самбар суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит 10 компанийг татан буулгах шийдвэр гарсныг танилцууллаа. Энэ арга хэмжээний үр дүнд түрээсийн болон бусад зардал буурч, нийт 67 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болно. Цаашид “Эрдэнэс Монгол” нэгдлийг хөрөнгийн удирдлагын мэргэжлийн байгууллага болгон өөрчлөх бөгөөд нэрийг нь “Чингис хаан баялгийн сан” консерциум болгон, ирэх сарын 15-наас шинэ нэрээрээ ажиллуулна.
И-Монголиа аппликэйшнээр дамжуулан иргэдэд 500 мянган төгрөгийн хуримтлал бий болсон бөгөөд оны эхэнд энэ дүнг 1 сая төгрөг болгохоор ажиллаж байна. Баялгийн сангийн хуримтлалыг иргэд 2030 онд ашиглах боломжтой бөгөөд тэр үед хуримтлал 3-5 сая төгрөгт хүрэх төлөвтэй байна. Чингис хаан үндэсний баялгийн сан өнгөрсөн хугацаанд үр дүнтэй ажилласан бөгөөд уул уурхайн баялгийг дундардаг бус ундардаг баялаг болгон хөрөнгө татахад анхаарах болно.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 7 компанийн захиргаа, хэвлэл мэдээллийн багийг нэгтгэн дундын үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цомхон багтай ажиллах, улс төрийн хамаарлыг бууруулах талаар олон улсын туршлагыг судалж байна. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, засаглалыг сайжруулах зорилготой.
Зэс хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” дангаараа хариуцах бөгөөд энэ төсөлд оролцож байсан 39 хүний багийг татан буулгах аж. Татан буулгах 10 компанийг ирэх сарын 15 гэхэд тодорхой болгох юм.
“Мон-Атом” компани нь Францын “Орано” групптэй хамтран ажиллах зориулалттай хамтарсан компани бөгөөд “Эрдэнэс Оюу толгой” компани “Оюу толгой” төслийн 34 хувийг эзэмшдэг тул эдгээрийг татан буулгах асуудлыг хамтран хувьцаа эзэмшигчидтэй зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдэв.
“Эрдэнэт”, “ЭТТ” зэрэг үндсэн эдийн засгийн гол компаниудыг татан буулгахгүй бөгөөд нэмэлт компаниудыг оновчлох, 260 албан тушаалыг хэмнэх ажлыг зохион байгуулна. Цаашид зээлээр санхүүжүүлэх компанийг ажиллуулах шаардлагатай эсэхийг шийдэхээр ажиллаж байна гэж гүйцэтгэх захирал онцлов.
