УИХ Гадаад зээлийн ашиглалт, чанарыг дээшлүүлэх хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, чанарыг дээшлүүлэх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Төслийг Засгийн газраас, Сангийн яамны зүгээс өргөн барьсан бөгөөд УИХ-ын гишүүдийн эсэргүүцлийн улмаас “20 минутын хот- Сэлбэ дэд төв” төслийг хуулийн төслөөс хассан байна.
Гадаад зээлийн ашиглалт, чанарыг дээшлүүлэх хуулийн төсөл УИХ-д хоёр дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа бөгөөд өмнө нь гишүүдийн олонх дэмжээгүй тул Сангийн яам дахин боловсруулсан юм.
Хуулийн төсөлд “20 минутын хот- Сэлбэ дэд төв” төслийг оруулаагүй бөгөөд өмнөх хоёр мега төслийг хэвээр үлдээжээ. Тэдгээр нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, жилд дунджаар 30 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой.
Эдгээр төслүүд нь Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн нэг хэсэг юм.
Манай улсад одоогоор нийт 20.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий 74 гадаад зээлийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийн 34 хувь ашиглагдаж, 82 хувь нь 2026-2029 онд дуусах гэрээ, хэлэлцээртэй байна. Энэ нь төслүүдийг ашиглалтад оруулах шаардлагыг бий болгож байна.
