Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалга дэвшүүллээ

2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцлээ.
Энэхүү санаачилгыг НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа гаргасан бөгөөд тэрбээр багш нар нэг ээлжийн хичээл тараад дараагийн ангид хичээл заадаг учраас анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах цаг гардаггүйг онцлов. Спорт заалыг хүүхдүүдэд ашиглуулах нь багш, сурагчдын харилцааг сайжруулж, үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн Б.Сэмжидмаа хэлэхдээ, Боловсролын яам хөтөлбөр боловсруулдаг ч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч тул энэ өмчийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг НИТХ шийдвэрлэх ёстой гэж тэмдэглэв. Спорт заалны цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах урсгал зардлыг анхаарч ажиллахыг онцолсон бөгөөд сургуулийн спорт заалыг төсөв, хөрөнгөөр хангах асуудалд анхаарах шаардлагатайг дурдсан.
Ирэх хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг амралтын болон ажлын өдрүүдэд хүүхдүүдэд ашиглуулах боломжийг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, уриалгыг хэрэгжүүлэх талаар НИТХ тэмдэглэл баталлаа.
