ХЭРГИЙН МӨРӨӨР: Эрүүний яс нь хугарсан цэргийн алба хаагчийн биед ахлагч Б.Тэмүүжин гэгч халдсаны улмаас ухаан алдаж унахдаа хүнд гэмтсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ

2026-05-18 17:001min
iiii

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгээр тэнцэж, Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангид хуваарилагдан үүрэг гүйцэтгэж байсан долоон байлдагчийг нэг дор эрүүл мэнд болон сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн шалтгаанаар албанаас чөлөөлсөн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа.

Уг асуудлын талаар Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөмөр “Тус албан хаагчдыг Засгийн газрын 140 дугаар тогтоолоор батлагдсан аутизм, венийн судасны үрэвсэл, зүрхний хэм алдалт, хамрын хөндийн идээт үрэвсэлтэй гэх өвчний улмаас болон сэтгэл зүйчийн дүгнэлтээр чөлөөлсөн бөгөөд хүч хэрэглэсэн, харилцаа зөрчил гаргасан асуудал байхгүй” хэмээн мэдэгдсэн. Харин дээрх мэдээлэлтэй зэрэгцэн Хилийн 0132 дугаар ангид алба хааж байсан байлдагч З-гийн эрүү хугарсан гэх оноштойгоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдэлээл гарсан нь мөн л анхаарал татсан юм.

Тэгвэл уг хэргийн талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад “Тус ангийн салааны захирагч, ахлагч Б.Тэмүүжин 2026 оны тавдугаар сарын 14-ний өдөр байлдагч З нарыг зодсон, байлдагч З жагсаалын талбайд зогсож байх үед ахлагч Б.Тэмүүжин биед нь халдсаны улмаас ухаан алдаж унахдаа эрүүгээ хугалсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн” гэдгийг тодотголоо.

Бусдын биед халдсан байж болзошгүй гэгдэж буй ахлагч Б.Тэмүүжин нь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж байгаад 2025 оны есдүгээр сард тус ангид хөгжимчнөөр томилогдсон нэгэн аж. Тэрбээр өөрийгөө “Генералын хүү”, “хаана цохиулахаа өөрөө сонго” гэх зэргээр “томорч”, албан хаагчдыг дарамталдаг талаар байлдагч З ар гэрийнхэндээ хэлжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар байлдагч З эрүүл мэндийн үзлэгээр “Эрүүний хэсэгт ил шарх үүссэн, чихнээс цус гарсан, дээд доод араа хугарсан, зүүн чамархайн ясанд хугаралтай” хэмээн оношлогдсон байна.

ХХЕГ болон Хилийн 0132 дугаар ангийн удирдлагууд нөхцөл байдлыг анхнаасаа нуун дарагдуулах зорилготой байсан байх талтай байгаа аж. Учир нь дээрх байгууллагууд нь ар гэрийнхэн нь мэдэгдэлгүй байлдагч З-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байжээ.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Isee.mn