Цэцэрлэгийн эрхлэгч 5.7 сая төгрөг завшиж, 1 жилийн тэнсэн авлаа

Нийслэлийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгч Н нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Б.Э-г цэцэрлэгийн сэтгэлзүйчээр томилон, ажил хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2.7 сая төгрөгийн цалин олгуулжээ. Мөн 1.6 сая төгрөгийг өөртөө авч эдийн засгийн давуу байдал бий болгосон байна. Цэцэрлэгийн урсгал засварын төлбөрөөс хувьдаа мөнгө завших зорилгоор С ХХК-тай 3 сая төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2.7 сая төгрөгийг гаргуулан авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Ингэснээр улсын төсөвт нийт 5.7 сая төгрөгийн хохирол учруулжээ. Прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Н-ийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан байна.
