Тост Тосон Бумбын нурууны улсын тусгай хамгаалалт ба зэрлэг амьтдын хамгаалал

2026-05-18 17:011min
20260518-170147-file.jpeg
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосон Бумбын нуруу нь улсын тусгай хамгаалалтад авснаар цоохор ирвэс болон бусад зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалж, судалгаа шинжилгээний үр дүнд тоо толгой өсч байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь Монгол Улсын хамгийн уудам газар нутагтай сум бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг Тост Тосон Бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газар эзэлдэг.

Тус нутгийг 2016 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, цоохор ирвэсийн дэлхийд хамгийн өндөр нягтаршилтай бүс нутгийг унаган төрхөөр нь хадгалах зорилгоор хамгаалж байна. Энэ шийдвэр нь 2008 оноос эхэлсэн нутгийн иргэдийн санаачилга, тэмцлийн үр дүн юм.

Хамгаалалтын захиргаа анх 2020 онд найман ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бол одоо 17 орон тоотойгоор судалгаа, эргүүл хяналтын ажлыг явуулж байна.

Тус газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядагийн хэлснээр, Тост Тосон Бумбын нурууны 896 мянга гаруй га газрыг есөн байгаль хамгаалагч бүсчлэн хариуцдаг бөгөөд нэг байгаль хамгаалагч 83-87 мянган га талбайг хамгаалдаг байна. Тэд сар бүр эргүүл хяналт хийж, амьтдын судалгаа явуулан хамгааллын арга хэмжээ авдаг.

Ирвэс хамгаалах сангийн 2008 оноос хийсэн судалгаагаар Тостын нуруу нь цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай бүс болох нь тогтоогдсон.

Тус газар аргаль, янгир зэрэг ирвэсийн гол идэш тэжээлийн тоо толгойг бүртгэж, жил бүр цоохор ирвэсийн судалгаа хийдэг. Байгаль хамгаалагчид зэрлэг амьтдын амьдрах орчныг нөхөн сэргээх, дайжсан амьтдыг нутагшуулах зэрэг менежментийн ажлыг гүйцэтгэдэг.

Тост Тосон Бумбын нурууны байгалийн нөөц газрын сургалт, судалгааны мэргэжилтэн И.Отгонбаатар 2021 онд МУИС, Улаанбаатар их сургуулийн хамтарсан судалгаагаар тус нутагт 2000 гаруй археологийн олдвор бүртгэгдсэн болохыг мэдээлэв. Үүнд Чулуун зэвсгийн үеийн суурин, Хүннүгийн үе болон 13-р зууны үеийн булшнууд багтсан байна.

Мөн тусгай хамгаалалттай газарт 750 гаруй янгир, 200 гаруй аргаль, 2000 орчим хар сүүлт зээрийг тоолсон байна.

Сүүлийн таван жилд ган зудаас шалтгаалан малчид төв суурин руу шилжсэн, уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн ихэссэнээр зэрлэг амьтдын амьдрах орчин тайван болж, тоо толгой нь өсөх үр дүн гарчээ. 2000 оны эхээр дайжсан хуланг сэргээн нутагшуулах судалгааг эхлүүлсэн байна.

Байгаль хамгаалагчид уулын туруутан аргаль, янгир, талын туруутан хар сүүлт зээрийн тоо толгойн судалгааг тогтмол хийдэг бөгөөд ажиглалтын арга барилаар нарийвчилсан бүртгэл хөтөлдөг.

Мөн биотехникийн арга хэмжээгээр жилд 3 тонн усыг гар аргаар зөөвөрлөж хөв цөөрөмд дүүргэх, худаг гаргах, мод тарих зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Ийнхүү газрын тусгай хамгаалалтад авснаар зэрлэг амьтад, биологийн төрөл зүйлсийг судалгаа, хамгааллын үр дүнд хадгалж, унаган байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллаж байна.