Хуульч Б.Солонгоо: Рио Тинто төрийн шийдвэрт зохисгүй нөлөөлсөн байж болзошгүй

2026-05-15 08:001min
20260515-080027-file.jpeg
Хуульч Б.Солонгоо Рио Тинто компанийн төрийн шийдвэр гаргах үйл явцад зохисгүй нөлөөлсөн үндэслэлүүд байгааг онцолж, Австрали, Английн авлигын байгууллагуудад хандаж буйгаа мэдэгдэв.

Хуульч Б.Солонгоо хэлэхдээ, Рио Тинто компанийн үйл ажиллагаа Монгол Улсын төрийн шийдвэр гаргах үйл явцад зохисгүй хэмжээнд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлүүд байгааг дурджээ. Тэрбээр, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээ зэрэг баримт бичгийг байгуулах үед тус компани өөрсдөдөө илт давуу нөхцөл бүрдүүлж, хэлэлцээний явцад нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Мөн төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлж ажилласан гэх мэдээлэл, жишээнүүд ч гарч байсан гэв.

Оюу толгойг тойрсон авлига, албан тушаалын шинжтэй хэргүүд олон жил яригдсан ч эцэстээ зөвхөн монголчууд хоорондоо маргаж, хариуцлага хүлээдэг байдал давтагдсаар иржээ. Харин Рио Тинто компанийн хувьд ямар нэгэн хариуцлага хүлээж байсан тохиолдол байхгүй байна. Хэрэв хууль зөрчиж, зүй бус аргаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, төрийн шийдвэр гаргах үйл явцад нөлөөлсөн нь тогтоогдвол тус компани хариуцлага хүлээх ёстой гэж хуульч онцолжээ. Тиймээс Австрали болон Англи улсын Авлигатай тэмцэх байгууллагуудад албан ёсоор хандаж байгаа аж.