Орон сууцны үнэ дөрөвдүгээр сард өсжээ

2026-05-14 22:011min
20260514-220114-file.jpeg
Дөрөвдүгээр сард шинэ орон сууцны үнэ 7.4, хуучин орон сууцны үнэ 10 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Түрээсийн үнэ мөн өссөн байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны дөрөвдүгээр сард орон сууцны үнийн индекс өмнөх үеийнхээс 9.3 хувиар өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сард 0.4 хувиар нэмэгдсэн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10 хувиар, өмнөх сард 1.1 хувиар өсжээ.

Дөрөвдүгээр сард шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг байв. Дүүргүүдийн хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу нэг ам метр нь 5.57 сая төгрөг, харин Сонгинохайрханд хамгийн хямд буюу 3.38 сая төгрөгийн ханштай байлаа. Шинэ орон сууцны үнийн өөрчлөлтөд Сүхбаатар дүүрэгт 10.7 хувийн өсөлт, Чингэлтэй дүүрэгт 12.3 хувийн бууралт ажиглагдсан бөгөөд энэ нь Баруун дөрвөн зам орчимд баригдсан орон сууцны төслийн ашиглалтад ороход нөлөөлсөн гэж үзэж байна.

Хуучин орон сууцны үнэ шинэ орон сууцнаас өндөр хэвээр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт нэг ам метр талбайн үнэ 5.89 сая төгрөгт хүрсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн нь онцлог байна. Түрээсийн хувьд нэг өрөө орон сууцны дундаж үнэ 1.2 сая, хоёр өрөө 1.8 сая, гурван өрөө 2.7 сая төгрөг байна. Түрээсийн хамгийн өндөр үнэ Сүхбаатар дүүрэгт бүртгэгдэж, 220 мянгат орчимд 1.9-4.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.