Насанд хүрсэн хүний жин нэмэгдэх нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаа харууллаа

Насанд хүрсэн хүний биеийн жин хэвийн хэмжээнээс нэмэгдэх нь хорт хавдрын эрсдэлийг тав дахин нэмэгдүүлдэг болохыг 600,000 гаруй өвчтөн хамруулсан судалгааны үр дүн харуулжээ.
Таргалалт нь 13 төрлийн хорт хавдрын шууд шалтгаан бөгөөд өөр найман төрлийн хорт хавдартай тодорхой хэмжээгээр холбоотой гэж үздэг.
Гэхдээ жин нэмэгдэх болон аль насандаа нэмэгдэх нь хорт хавдрын эрсдэлд хэрхэн нөлөөлдөг талаар цөөн судалгаа байдаг.
Шведийн Лунд Их Сургуулийн судлаачид 600,000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүний жин болон хорт хавдрын өвчлөлийн түүхийг шинжилж, жин нэмэхэд аюулгүй нас гэж байхгүйг тогтоосон байна.
Энэхүү судалгааг тэд Истанбулд зохион байгуулагдсан Таргалалтын асуудлаар Европын Конгресс дээр танилцуулжээ.
Судлаачид 250,000 гаруй эрэгтэй, 380,000 орчим эмэгтэйн жинг 17-60 насны хооронд дунджаар дөрвөн удаа хэмжиж, хорт хавдрын өвчлөлийн түүхийг 2023 он хүртэл судалсан байна.
Ихэнх төрлийн хорт хавдрын эрсдэл насанд хүрсний эхэн үе болон дунд насандаа таргалсан хүмүүст илүү их нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.
Лунд Их Сургуулийн дэд профессор, судалгааны ахлагч Антон Нильсон “Насанд хүрсний эхэн үеийн таргалалт болон цаашдын жингийн өсөлт хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж тайлбарласан байна.
Тухайлбал, 30 нас хүрэхээс өмнө таргалсан эрчүүдийн элэгний хорт хавдраар өвчлөх эрсдэл тав дахин, нойр булчирхайн болон бөөрний хорт хавдрын эрсдэл тус бүр хоёр дахин, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл 58 хувиар нэмэгдсэн байна.
30 нас хүрэхээс өмнө таргалсан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл 4.5 дахин, нойр булчирхайн хорт хавдрын эрсдэл 67 хувь, бөөрний хорт хавдрын эрсдэл хоёр дахин, менингомын эрсдэл 76 хувиар өссөн байна.
Дунд насандаа таргалсан хүмүүсийн хувьд хүйсээс хамааран хорт хавдрын эрсдэл өөр өөр байна.
30 наснаас хойш таргалсан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний, цэвэршилтийн дараах хөхний болон менингомын хорт хавдрын эрсдэл харьцангуй нэмэгдсэн бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдар эмэгтэйчүүдийн жингийн өөрчлөлттэй нягт холбоотой байжээ.
Эрчүүдийн хувьд 45 наснаас өмнө жин нэмэгдэх нь улаан хоолой, элэгний хорт хавдартай илүү холбогдсон байна.
Хамгийн их жин нэмсэн (дунджаар 32 кг) болон хамгийн бага жин нэмсэн (дунджаар 8 кг) хүмүүсийн хооронд хорт хавдрын эрсдэл 7 хувиар өссөн бөгөөд элэгний хорт хавдрын эрсдэл бараг гурав дахин, улаан хоолойн хорт хавдрын эрсдэл хоёр дахин, өнчин тархины хавдрын эрсдэл гурав дахин, бөөрний эсийн, ходоодны, бүдүүн гэдэсний хавдрын эрсдэл 50-аас дээш хувиар нэмэгдсэн байна.
Хамгийн их жин нэмсэн эмэгтэйчүүдийн хувьд эндометрийн хавдрын эрсдэл бараг дөрөв дахин, өнчин тархины хавдрын эрсдэл хоёр дахин, бөөрний эсийн хавдар 91 хувиар, цэвэршилтийн дараах хөхний хавдар 42 хувиар, менингомын хавдар 32 хувиар, бүдүүн гэдэсний хавдар 31 хувиар өссөн байна.
Судлаачид бага хэмжээгээр жин нэмсэн хүмүүст ч хорт хавдрын эрсдэл өндөр хэвээр байгааг онцолж, илүүдэл жингээс зайлсхийх шаардлагатайг тэмдэглэжээ.
Антон Нильсон профессор “Манай судалгаа амьдралын хэв маяг болон бусад гаднын хүчин зүйлийг тооцоогүй ч тогтвортой, эрүүл жинг хадгалах ач холбогдлыг харуулж байна” гэж дүгнэсэн байна.
