Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Сонгуулийн үндсэн зарчим болох бүх нийтийн оролцоог бүрэн хангах шаардлага байсаар байгаа бөгөөд сонгогчдын ирц, оролцоо сонгуулиас сонгуулийн хооронд тогтмол буурч байгааг 1993 оноос хойшхи ирцийн бууралт харуулж байна. Тухайлбал, 1993 онд 92.7 хувь байсан ирц 2021 онд 59.29 хувь болж буурсан байна.
Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад улсад байгаа болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа боловч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хаягаас өөр газарт байгаа иргэд, оюутан суралцагчид, сонгуулийн санал авах өдөр төрийн албан хаагч, уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтнууд зэрэг сонгогчдын сонгох эрхийг эдлүүлэх, санал өгөх боломжийг бүрдүүлэх талаар эрх зүйн орчныг бий болгох үүрэг өгсөн.
Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн албан хаагчид 46,000, гадаад улсад байгаа иргэд 120,000, улирлын шинж чанартай ажил эрхэлдэг 56,000, оюутнууд 20,000 орчим байгаа нь сонгох эрхийг эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хуулийн төсөл дээрх шаардлага, Улсын Их Хурлын тогтоолд үндэслэн дараах харилцааг зохицуулахаар тусгасан.
Нэгдүгээрт, санал авах өдөр тухайн сонгогчийн харьяа хэсгийн хороо хамаарах аймаг, нийслэлээс өөр нутаг дэвсгэрт байгаа сонгогчийн саналыг авах, зохион байгуулалтын арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Ингэснээр сонгогчдын шилжих хөдөлгөөн багасч, санал өгөх боломж нэмэгдэнэ.
Хоёрдугаарт, санал авах өдөр саналаа өгөх боломжгүй сонгогчдын саналыг урьдчилан авах төрөл, хэлбэрийг нэвтрүүлж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Гуравдугаарт, гадаад улсад байгаа иргэд санал өгөхдөө урьдчилан бүртгүүлэхгүйгээр сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал өгөх боломжийг бүрдүүлж, санал авах байрыг нэмэгдүүлэх, санал авах хайрцаг явуулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
