Мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ

2026-05-13 11:001min
20260513-110028-file.jpeg
Прокурорын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэд хэдэн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэд хэдэн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ.

С.З нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас ирэхдээ өөрийн ачаа тээшинд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тээвэрлэж ирсэн хэрэгт холбогдсон байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Гадаад улсын иргэн Д.А.А нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомтоор Монгол Улсын хил нэвтэрсэн бөгөөд НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Э.Э нь 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Бүгд Найрамдах Бельги Улсаас дайвар ачаанд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна. Түүнийг мөн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.