Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв

2026-05-13 14:001min
20260513-140024-file.jpeg
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцэж, шалгуурыг өөрчлөх болон хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах санал гаргалаа.

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны долдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг төслийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар 2025 оны зургадугаар сарын 24-нд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэхийг УИХ-ын 2025 оны хаврын чуулганы долдугаар сарын 4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжсэн юм.

Төслийн гол өөрчлөлт нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьдаг “Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасах явдал юм. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжихээс гадна эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулж, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимтай нийцэж байна гэж ажлын хэсэг үзжээ.

Мөн үрчлэн авсан хүүхдэд тавигдах “Тэр үед гурав хүртэлх насанд нь” гэсэн шалгуурыг төсөлд нэмэхээр санал болгожээ. Хууль дагаж мөрдөх хугацааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн биш, ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр өөрчлөх санал гаргасан байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хэлсэн үгэндээ хуулийг нөхөн үйлчлэхгүй гэдгийг иргэдэд тодорхой ойлгуулах шаардлагатайг онцолж, “Эхийн алдар” одон авсан ч хүүхдүүдээ хаях, өргөж үрчлүүлэх, өвөө эмээд нь өгдөг асуудлыг зохицуулах бодлого хэрэгтэйг дурдсан юм. Мөн нярайн сувилал байгуулах нь нялхсын эндэгдлийг бууруулахад үр дүнтэй болохыг тэмдэглэв.

Ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.