Шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, цогцос хадгалах өрөөний зөрчил илэрчээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) гишүүн Б.Энхболд шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, ялангуяа хөдөө орон нутагт тулгамдаж буй хүндрэлүүдийн талаар мэдээлэл өглөө.
ХЭҮК-оос нийслэлийн зургаан дүүрэг, 21 аймаг, дөрвөн сум болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Шүүх шинжилгээний ерөнхий газарт хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагуудын лаборатори, барилга байгууламжийн нөхцөл байдал муу байгааг тогтоожээ.
Тухайлбал, шүүх шинжилгээний байгууллага нь хараат бус, бие даасан байх ёстой боловч ихэнх нь өөрсдийн гэсэн барилгагүй эсвэл ашиглалтын хугацаа нь дууссан барилгад үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим нь цагдаагийн байгууллагын нэгж, орон нутгийн тамгын газрын байранд байрлаж байгаа нь хохирогчийн эрх, нууцлал, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
2025 оны байдлаар орон нутагт хүний биед хийсэн 1024 шинжилгээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийгдсэн бөгөөд үүний 160 орчим нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой, 79 нь насанд хүрээгүй хохирогчдод хамааралтай байжээ. Энэ нь хохирогчдын эрхийг дахин зөрчиж буй нөхцөл байдал гэж үзэж байна.
Мөн шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдын цалин хөлс хангалтгүй, илүү цагийн хөлсийг бүрэн олгодоггүй, ажиллах орчин нь хүйтэн, шаардлага хангаагүй байна. Хүний биеэс авсан биологийн дээжийг хадгалах зориулалтын тусгай өрөө байхгүйгээс ажилтнууд дээжийг ажлын өрөөний булан, тохойд хадгалж байгаа нь тэдний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Цогцос хадгалах өрөө орон нутагт зориулалтын бус байгаа нь шалгалтаар илэрсэн бөгөөд зориулалтын хөргүүр байхгүйгээс ахуйн зориулалтын хөлдөөгч, хөргүүр ашиглаж байгаа нь тогтоогдсон байна. Иймээс стандартын шаардлага хангасан тусгай өрөө, хөргүүрийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж ХЭҮК дүгнэжээ.
