Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ

2026-05-07 15:001min
20260507-150036-file.jpeg
Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, эдийн засгийг дэмжих, татварын орчныг сайжруулах зохицуулалтуудыг тусгалаа.

Олон улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ.

Татварын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжлэхийг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд үлдээх зохицуулалт оржээ. Мөн алдангийн дээд хэмжээг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар, татварын тайланг залруулах хугацааг хоёр жил хүртэл сунгах зохицуулалт тусгагдсан байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд жилийн 1.0 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1.0 хувиар татвар төлөх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн татварыг 100 хувь хөнгөлөх, иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөх зохицуулалтууд багтжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр татварын шатлалын босгыг нэмэгдүүлэх зохицуулалт хийгдсэн бөгөөд одоогийн 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлдөг бол дунд шатлал нэмэгдэж, 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд мөн 15 хувийн татвар төлөхөөр болжээ. Үүний үр дүнд 180 мянга гаруй аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөх боломжтой болно.

Жижиг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1.0 хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зохицуулалт тусгагдсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд татварын төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулах боломжийг бий болгожээ.

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар татвар төлөгчид татварын эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, татварын өрийг уян хатан нөхцөлд барагдуулах, татварын таатай орчин бүрдүүлэх боломжтой болох юм.

Мөн Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх, татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.