Сүхбаатар дүүрэгт шар өвс шатсанаас таван айлын хашаа шатаж, хохирол учирлаа

Энэ сарын 4-нд Сүхбаатар дүүрэгт шар өвс шатаасны улмаас таван айлын хашаа, гэр, амбаар шатаж, ихээхэн хохирол учирсан байна. Хохирсон иргэд өмссөн хувцастайгаа үлдсэн бөгөөд нэг иргэний хариуцлагагүй байдлаас олон хүн хохирсон гэж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд анхаарууллаа.
Галын улмаас хохирсон нэг иргэн “Би 580 мянган төгрөгөөр мах аваад хөргөгчиндөө хийсэн байсан. Арван жилийн хөдөлмөр болсон байшин маань хормын дотор шатчихлаа” гэж ярьсан байна.
Иргэд гал алдаж, бусдыг хохироосон тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг бөгөөд хохирол их хэмжээний үед эрүүгийн хариуцлага тооцдог гэдгийг онцгой байдлын байгууллага анхааруулж байна. Тиймээс шар өвсөө шатаалгүйгээр цэвэрлэхийг зөвлөжээ.
Мөн өнгөрсөн сард Богд ууланд шар өвсний түймэр гарсан бөгөөд энэ нь хүний хүчин зүйлийн улмаас үүссэн байна. Богд уулын Дугуй цагааны маршрутаар алхах, агаарт гарах иргэд нэмэгдсэн нь түймрийн эрсдлийг нэмэгдүүлж байна.
Шатсан объектуудын хувьд хувийн өмч 560 байгаа бөгөөд байшин, хогийн цэг, бункерт хамгийн их гал гарсан байна. Гал гарсан шалтгааны 56 хувийг ил гал эзэлж байгаа бөгөөд тамхи татах, үнс нурмаа ил хаях, шар өвс шатаах, чүдэнз зурах, гагнуур хийх зэрэг иргэдийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй байна.
Энэ онд нийслэлд 20 иргэн нийт 2 сая төгрөгийн торгууль төлсөн бөгөөд байшин, гэрт гарсан галын дийлэнх шалтгаан нь цахилгаан ашиглалт, яндангаас үүдсэн байна. Мөн энэ онд нийслэлд 9 иргэн галд өртөж амь насаа алджээ. Тэдний тав нь өдрийн цагаар, дөрөв нь шөнийн цагаар нас барсан байна.
Жил бүрийн зургаадугаар сарын 20 хүртэл хуурай улирал үргэлжилдэг тул Онцгой байдлын газраас иргэдэд гал түймрээс сэрэмжлэхийг анхааруулж, шар өвс шатахуунтай адил шатдаг болохыг санууллаа.
Энэ онд нийслэлд 897 удаа гал түймэр гарч, дүүргүүдийн хувьд Сүхбаатар, Баянгол дүүрэгт хамгийн олон буюу тус бүр 200 орчим удаа гал гарсан байна. Харин Багахангай дүүрэгт хамгийн цөөн буюу нэг удаа галын дуудлага иржээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ногоон бүс болон зусланд шар өвс шатааж гал алдсан дуудлага ихээр иржээ.
Иргэд ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй.
Мөн галын аюулаас сэргийлэхийн тулд түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, хуурайшилт ихтэй үед ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах, халуун үнс нурмыг тусгай саванд хийх, хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг зөвлөж байна.
