Хан-Уул дүүргийн морь хулгайлах хэрэгт холбогдсон этгээдүүдийн хэргийг прокурорт буцаав

2025 оны зургаадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Жаргалантын аманд байрлах бэлчээрт байсан Монгол Үндэсний морьт харвааны 18 хурдан морийг хулгайлан бойд өгч, нядалсан хэрэг гарсан байна.
Энэ хэрэгт холбогдсон Э.Э нарын зургаан хүнийг олон тооны мал хулгайлах, бүлэглэн үйлдэх болон мөнгө угаах гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч Э, Б, Г, Б, П нарыг олон тооны мал хулгайлах, бүлэглэн үйлдэх гэмт хэрэгт, мөн яллагдагч У-г мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн болохыг танилцуулсан байна.
Яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт холбогдох зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, хулгайд алдсан адуунуудын үнэлгээ эргэлзээтэй, яллагдагчдын оролцоо тодорхой бус, хохирогчоос гаргасан эд мөрийн баримтууд дутуу ирсэн зэрэг шалтгаанаар мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх шаардлагатай гэж үзжээ.
Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байгаагаас шалтгаалан уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасан байна.
