2026 онд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд 450 тэрбум төгрөгийн зээл олгоно

2026-05-05 08:011min
20260505-080121-file.jpeg
2026 онд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулан 450 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн бөгөөд "НУТАГТАА ЭЗЭН 100:1000" төслийн хүрээнд ашиглалтгүй газарт ногоон тэжээл тариалах ажил эхэлж байна.

2026 онд түүхий эд бэлтгэлд зориулан 450 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 38 аж ахуйн нэгжид 324.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодын үйлдвэрүүдэд олгосон энэхүү эргэлтийн хөрөнгийн зээлийн үр дүнд энэ хавар 1 кг ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрч, малчдын орлого нэмэгдэх боломж бүрдсэн гэж үзэж байна.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлэхдээ, салбарын бүтээгдэхүүний экспортоос гадна дотоодын хүнсний хангамжийг сайжруулах, үйлдвэрлэл эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгох зээлийг 8 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгохоор шийдвэрлэж, зээлийн нөхцөлийг зээлдэгчдэд ээлтэй болгосон байна.

Улсын хэмжээнд 112.2 мянган га тариалангийн зориулалттай ашиглалтгүй газар атаршсан байдалтай байгаа бөгөөд эдгээр газрыг түшиглэн нийт 1000 гаруй хөдөөгийн багт ногоон тэжээл тариалах хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг үзүүлэх “НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” төслийн хүрээнд хөдөөгийн нэг багт 100 га атаршсан газарт орон нутгийн удирдлага, малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ногоон тэжээл тариалж, мал сүргийн өвөл, хаврын улирлын тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, малын чанар сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн боловсролыг малчин ахуйтай ойртуулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.