Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг иж бүрэн үзлэгт хамруулна

Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг иж бүрэн үзлэгт хамруулах арга хэмжээ эхэллээ. Энэхүү үзлэг нь 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын оролцоотойгоор зохион байгуулагдаж, хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж олгох зорилготой юм.
Үзлэгийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн үзлэг долоо дахь удаагаа явагдаж байна.
Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллага санаачлан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-Монгол Японы эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.
Үзлэгт нийслэл болон Дундговь, Дархан, Өвөрхангай зэрэг орон нутгаас ирсэн хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нар оношилгоо, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээний чиглэлийг үнэ төлбөргүй үзүүлнэ. Одоогийн байдлаар 150 хүүхэд үзлэгт хамрагдаад байгаа бөгөөд нийт 500 хүүхэд хамрагдах бүртгэл явагдаж байна.
Үзлэг, оношилгоо 5 дугаар сарын 2, 9, 16-ны өдрүүдэд үргэлжилж, хүүхэд бүрийн оношилгоонд тулгуурласан цаашдын эмчилгээ, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулахад чиглэнэ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн тэгш боломж олгох, эрт илрүүлэг, оношилгооны чанарыг сайжруулах, урт хугацааны эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
