Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гаднаас Шувуун фабрик хүртэл 12.55 км авто зам барина

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэл нийт 12.55 километр урт авто зам барихаар төлөвлөж байна. Одоогоор замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд гүйцэтгэгч тодорсны дараа барилгын ажил эхэлнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайвангийн мэдээлснээр, шинэ зам нь хоёр эгнээтэй, 7 метр өргөн зорчих хэсэгтэй байх юм.
Авто замын хоёр талд явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг суурилуулна. Мөн 27 байршилд борооны ус зайлуулах төмөр бетон хоолойг зураг төсөлд тусгасан байна. Тус замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүсээс хотын төв рүү чиглэх хөдөлгөөний урсгалыг шинэ чиглэлд хуваарилж, Сонсголон болон Яармаг чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж мэргэжилтэн онцоллоо.
