Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг гадаад багш нараар нөхөх санал хэлэлцэв

2026-04-22 11:301min
20260422-113026-file.jpeg
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багш нараар нөхөх саналыг НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хэлэлцлээ. Төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжлийн хорооны өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын англи хэлний багшийн дутагдлыг Филиппин багш нараар нөхөх талаар Ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцжээ.

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшингийн мэдээлснээр, одоогоор төрийн өмчийн 332 сургуульд 336 мянга гаруй сурагч англи хэлний хичээлд хамрагдаж байна. Англи хэлний 1,403 багш, англи орос хэлний 129 багш нийт 1,532 багш 7 хоногт нийслэлд 38,324 цагийн англи хэлний хичээл заадаг бөгөөд багшийн 7 хоногийн ачааллыг дунджаар 22 цаг гэж тооцвол нийслэлд 210 англи хэлний багш дутагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудаас авсан судалгаагаар өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний байдлаар нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа аж. Иймээс Нийслэлийн боловсролын газар гадаадаас англи хэлний багш ажиллуулах туршлагыг үндэслэн шаардлагатай зардлыг 200 багшийн хувьд тооцож үзсэн бөгөөд нийслэлийн төсвөөс 3.9 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ.

Гадаад багш нарыг ажиллуулах нь сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үр дүнтэй гэж үзэж байна.

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Ү.Оюунзул хэлэхдээ “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 300,000 гаруй сурагч англи хэлний хичээлд хамрагддаг бөгөөд 1,500 багш хичээл заадаг. Англи хэлний 200 орчим багшийн дутагдалтай байгаа тул Филиппин улсаас багш нарыг авчирч, сурагчид болон багш нарыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.

Энэхүү асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гарагт болох НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.