Ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг НИТХ хэлэлцэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хурал 2026 оны 4 дүгээр сарын 20-нд болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэв. Тус хурлаар ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлагийн заалыг түрээсэлж ашиг олох бус, сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах тогтоолын төслийг танилцууллаа.
Тогтоолын төсөлд Бямба гарагт 09:00-17:00, Ням гарагт 10:00-16:00 цагийн хооронд сургуулийн заалыг сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр хүүхдүүд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж, авьяас чадвараа хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягт суралцах нөхцөл бүрдэх юм.
Уг төслийг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр товлогдсон НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр гишүүд дэмжсэн байна.
Мөн зөвлөлийн хурлаар 2026 онд нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах, “Ахмадын амралт, сувиллын төв” ОНӨААТҮГ байгуулах, Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх, “Туул голоо аваръя” хөдөлгөөн өрнүүлэх, нийслэлийн гадаад үнэт цаас гаргаж эргэн төлөлтийг 3 жилээр хойшлуулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
НИТХ-ын зөвлөл нь төлөөлөгч А.Баяр, З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
