Ажиа Гэгээн ахмадуудад зориулсан амралт, сувиллын төвийг нийслэлд хүлээлгэн өглөө

2026-04-21 10:301min
20260421-103023-file.jpeg
Ажиа Гэгээн Лувсантүвдангийн тэргүүлдэг ТББ нь Хан-Уул дүүрэгт ахмадуудад зориулсан амралт, сувиллын төвийг ашиглалтад оруулж нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлжээ. Төв нь ахмадуудад эрүүл мэнд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Ажиа Гэгээн Лувсантүвдангийн тэргүүлдэг “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд ахмадуудад зориулсан “Амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө. Нээлтийн үеэр Ажиа Гэгээн уг төв нь ахмадуудад зориулсан өдөр өнжүүлэх төв бөгөөд тэдэнд дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгохыг зорьсон болохыг онцлов.

Цаашид төвийн хашаанд нийслэлийн хөрөнгө оруулалтаар спортын төв барихаар төлөвлөж байна. Ахмадын төв нь Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхээс гадна ажлын байрны туслалцаа үзүүлэх үүрэгтэй бөгөөд нийслэлийн албан тушаалтнууд төвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах хариуцлагыг хүлээнэ.

Ажиа Гэгээн 2014 онд Эх Нялхсын Төвийн дэргэдэх Хүүхдийн Цусны Эмгэг, Хавдрын Эмнэлгийн 6 давхар, 4600 мкв талбайтай барилгыг барьж хүлээлгэн өгсөн бөгөөд тус эмнэлгээр жилд 900 гаруй хүүхэд үйлчлүүлдэг байна. Мөн “Зөв тэтгэлэг” сангаар дамжуулан 100 шахам хүүхдийн дөрвөн жилийн сургалт, байрны төлбөрийг дэмждэг сайн үйлсийн үйл ажиллагаа явуулдаг.