Улаанбаатар 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана

2026-04-21 09:301min
20260421-093027-file.jpeg
Нийслэл 2027 онд Дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслийг санхүүжүүлэхээр 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хот 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Энэхүү хөрөнгө оруулалтыг Дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслүүдийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ.

НИТХ-ын Зөвлөлийн хурлын үеэр НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах хэлэхдээ, үнэт цаас гаргах нь Өрийн удирдлагын тухай хууль болон Засгийн газрын өрийн стратегийн шаардлагад нийцэж, нийслэлийн өрийн түвшин тогтоосон босго хэмжээнээс доогуур байгаа гэв.

Гаргах үнэт цаасны 250 тэрбум төгрөгийг Дулааны V цахилгаан станцын төсөлд, үлдсэн 50 тэрбум төгрөгийг Улаанбаатар трамвай төслийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор төвийн бүсийн ачааллыг бууруулах, эрчим хүчний хэрэгцээг хангах, ойролцоогоор 100 мянган айлыг цахилгаанаар, 40 мянган айлыг дулаанаар хангах боломжтой болно. Мөн агаарын бохирдлыг бууруулах технологийг нэвтрүүлж, утааны хорт бодисын ялгарлыг багасгах юм. Төслийн барилга угсралтын үед 1600 гаруй, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болно.

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн хүртээмж, чанар сайжирч, хот доторх зорчих хугацаа богиносох, замын түгжрэл буурах, агаарын бохирдол багасах зэрэг үр дүнтэй байна. Төсөл нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжих юм.

Эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлснээр нийслэлийн дэд бүтцийн хөгжил сайжирч, иргэдийн амьдрах орчин болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх аж.

НИТХ-ын Ээлжит VII хуралдаанаар 2027 онд дотоод үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна.