Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол тамирчид тэргүүлж байна

2026-04-17 12:001min
20260417-120025-file.jpeg
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртэн тэргүүлж байна. Ж.Анударь 19 настайдаа 48 кг-д түрүүлжээ.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Монгол улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны бөхчүүдийг дараалан ялж алтан медаль хүртэв. Тэрбээр 19 настай бөгөөд Азийн аваргад түрүүлсэн хамгийн залуу жүдоч болж байна. Мөн 52 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал анхны медалиа хүртэж хүрэл медаль авсан бол 66 кг-д барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар шагналт VII байрт шалгарчээ.

Эхний өдрийн байдлаар Монголын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг тэргүүлж байгаа бол Тажикстан баг алт, мөнгө, хүрэл медальтайгаар хоёрдугаарт, Бахрейн гуравдугаарт жагсаж байна.