2025-2026 онд мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүн холбогджээ

Прокурорын байгууллагаас 2025 он болон 2026 оны эхний улирлын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт нийт 2,144 хэргийг хяналтдаа авсан байна. Орон нутгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн аймгууд нь Хэнтий (326), Архангай (193), Дорнод (189), Сүхбаатар (163) аймаг байна. Нийслэлд Сонгинохайрхан дүүрэгт 65, Баянзүрх дүүрэгт 47, Хан-Уул дүүрэгт 43, Налайх болон Багахангай дүүрэгт тус бүр 13 хэрэг бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан нийт 551 хүнийг эрүүгийн хэрэгт татаж, яллагдагчаар тооцсон байна. Насны ангиллаар авч үзвэл 18 хүртэлх насны 6, 18-30 насны 183, 31-44 насны 261, 45-аас дээш насны 101 хүн байгаа бол хүйсийн хувьд 538 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна. Түүнчлэн 66 нь ажил эрхэлдэг, 485 нь ажилгүй иргэд ажээ.
Шүүхэд шилжүүлсэн 246 хэргийн хүрээнд 393 хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн бөгөөд үүнээс 262 хүнд 1-12 жилийн хорих ял, 29 хүнд 6 сараас 4 жил 5 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 хүнд хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жилийн хугацаанд тэнсэх, хянан харгалзах шийдвэр гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах зорилгоор 349.2 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 55.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, нийт 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан малаа байнгын хариулгатай байлгах, тэмдэгжүүлэх, хотын зохион байгуулалтыг сайжруулах, хөршийн холбоог бэхжүүлэх, сэжигтэй үйлдлийг цагдаагийн байгууллагад шуурхай мэдээллэхийг Прокурорын байгууллагаас анхаарууллаа.
