Төрийн өмчийн компаниудын 2025 оны санхүүгийн тайланд 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газрын хийсэн 2025 оны аудитын тайланд төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын санхүүгийн тайланд нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрсэн байна.
Эдгээр зөрчлөөс 323-д буюу 5.9 их наяд төгрөгт албан шаардлага, 612.9 сая төгрөгт төлбөрийн акт, 152.6 тэрбум төгрөгт хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлжээ. Мөн таван асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
Төрийн өмчийн томоохон компаниудаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нийт 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна.
Дулааны III цахилгаан станцын санхүүгийн тайланд 28.3 тэрбум төгрөгийн алдаа илэрч, залруулах зөвлөмж өгчээ. Тус компани 2025 онд 209.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан бөгөөд энэ нь өмнөх оноос 20 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 2.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь аудитын тайланд тэмдэглэгдсэн байна.
