Гандангийн дэнжийн газар чөлөөлөх нэгж талбарыг нэмэгдүүлжээ

2026-04-13 18:001min
20260413-180042-file.jpeg
Баянгол дүүргийн Гандангийн дэнжийн 1.8 га газрыг тохижуулахад зориулан газар чөлөөлөх нэгж талбарын тоог 160 болгон нэмэгдүүлж, нөхөн олговор олгож байна. Мөн Сүхбаатар дүүргийн том оврын тээврийн хэрэгслийн зогсоолыг нүүлгэх ажил үргэлжилж байна.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн дэнжийн 1.8 га газрыг тохижуулах ажил эхэлж, газар чөлөөлөх нэгж талбарын тоог нэмэгдүүлжээ. Газрын нэг квадрат метрийг нийслэлийн Засаг даргын захирамжаар 1.2 сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговор олгож байна.

Нийслэлийн Засаг даргын 41 удаагийн захирамжаар Гандангийн 130 нэгж талбарын 16.89 га газрыг чөлөөлсөн бөгөөд одоо 160 нэгж талбар чөлөөлөхөөр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 36 нэгж талбар чөлөөлөгдсөн бөгөөд 82 нэгж талбарт үнэлгээ хийж байна гэж НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр мэдээлэв.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойрог орчимд байрлах том оврын тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Тус хороонд нөлөөлөлд өртсөн 23 нэгж талбарыг нөхөн олговортойгоор чөлөөлж, 12 нэгж талбарт эд хөрөнгийн үнэлгээ хийж байгаа бөгөөд зураг, төсөв боловсруулах судалгааны ажил хийгдэж байна.

Гандангийн орчмын тохижилтын хүрээнд Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахад энэ онд 4.8 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тохижилтын ажилд нийт 1.6 га талбай хамрагдах бөгөөд үүний 30 хувьд ногоон байгууламж, 70 хувьд явган замын талбай байгуулах юм.

Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт ойролцоогоор 5,700 өрх амьдарч, 170 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.