Иран, АНУ хэлэлцээний үеэр тохиролцоонд хүрч чадаагүй
2026-04-13 10:301min

Иран, АНУ-ын төлөөлөгчид Пакистаны Исламабад хотод болсон хэлэлцээнд Ормузын хоолой, цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй талаар Ираны Гадаад хэргийн яам мэдээлэв.
Ням гарагт Пакистаны Исламабад хотод болсон Иран, АНУ-ын хэлэлцээний үеэр талууд зарим чухал асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй гэж Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи мэдээлэв.
Тэрбээр хэлэлцээ нь сөргөлдөөн эхэлснээс хойш 40 орчим хоногийн дараа, үл итгэлцэл дүүрэн уур амьсгалд болж өнгөрсөн гэж тэмдэглэв.
Хэлэлцээний үндсэн сэдвүүд нь Ормузын хоолой, Ираны цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээг цуцлах, мөн Ираны эсрэг болон бүс нутагт явагдаж буй байлдааны ажиллагааг бүрэн зогсоох асуудлууд байв.
Энэхүү хэлэлцээ нь 4 дүгээр сарын 8-ны өдөр Иран, АНУ-ын хооронд гал зогсоосны дараа Ойрх Дорнод дахь хурцадмал байдлыг намжаах зорилготой зохион байгуулагдсан юм.
