“Ногоон автобусны” хэрэгт 27 хүнийг яллагдагчаар татаж, 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлжээ

2026-04-09 17:301min
20260409-173031-file.jpeg
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаагаар “Ногоон автобусны” хэрэгт 27 хүнийг яллагдагчаар татаж, 134,5 тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлүүлсэн байна. Хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 55 хавтас хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Уг хэрэгт нийт 27 этгээд яллагдагчаар татагдсан бөгөөд тэдний дунд УИХ-ын гишүүн 1, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн 4, хувийн аж ахуйн нэгжийн 4 албан тушаалтан оржээ.

Хэрэгт учирсан 134,5 тэрбум төгрөгийн хохирлоос 58,0 тэрбум төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн бөгөөд 71,7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 59 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.

Шүүхэд хянан хэлэлцэх явцад иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.

“Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр тохирсон ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ.

Автобуснууд гэрээнд заасан техникийн шаардлагыг хангаагүй бөгөөд үүнд гүүшин холбоо нь хийн нум амортизатортой байх ёстой байтал хавтсан нумтайгаар нийлүүлсэн, дулаацуулах систем нь зорчигчдын зааланд 6-аас доошгүй халаалтын төхөөрөмжтэй байх шаардлагыг хангаагүй, хажуугийн шил нь давхар буюу вакум аюулгүй шил биш, автобусны хана, тааз, шалыг халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар тоноглоогүй зэрэг асуудлууд багтжээ.

Мөн хөдөлгүүрээс гарах хортой хийн хэмжээг бууруулах “ad blue” төхөөрөмжийн зөвхөн банкийг суурилуулсан бөгөөд уг төхөөрөмж ажиллах боломжгүй байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар олон төрлийн эд анги ашиглан хийсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр нотолсон юм.

“Ногоон автобусны” хэрэг одоогоор Улсын дээд шүүхэд хянагдаж байна.