Монгол Улсыг ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригт оруулахгүй байх тохиролцоо хийгдэв

2026-04-09 18:001min
20260409-180036-file.jpeg
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайдтай уулзаж Монгол Улсыг тэсэлгээний бодисын экспортын хоригт оруулахгүй байх талаар тохиролцлоо. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт таслахгүй байх асуудлыг мөн хэлэлцэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням 2026 оны дөрөвдүгээр сарын 9-нд ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалд хамтын ажиллагаа бүхий салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийлэв.

Уулзалтаар гурван гол асуудал хэлэлцсэн бөгөөд Ойрхи Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэн ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригийн улмаас Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэл үүссэн асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байх талаар талууд тохиролцож баталгаажуулсан.

Мөн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний, тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар тодорхой санал тавьсан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удахгүй Москва хотод томилолтоор ажиллаж, дээрх асуудлуудаар ОХУ-ын холбогдох эрх бүхий төлөөллүүдтэй үргэлжлүүлэн хэлэлцээр хийхээр тохиролцсон байна.