Нийслэлд үхрийн махны үнэ 3000, хонины махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэнэ

2026-04-09 16:001min
20260409-160029-file.jpeg
Хотын дарга Х.Нямбаатар махны үнийн нэмэгдэл болон борлуулалтын цэгийн тоог нэмэх талаар мэдээлэл өглөө. Нөгөөдрөөс үхрийн махны үнэ 3000, хонины махны үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэхээр боллоо.

Хотын дарга Х.Нямбаатар мах бэлтгэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, тээвэрлэлтийн зардал өссөнтэй холбоотойгоор махны үнийг нэмэх шаардлага гарсныг мэдэгдэв.

Тэрбээр компаниуд дэлхий даяар үүсээд буй шатахууны хомсдолын улмаас тээврийн зардал нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрсэн тул махны үнийг нэмэгдүүлэх, төрөөс мах бэлтгэн нийлүүлж буй компаниудад татаас олгох асуудлыг тавьж байгааг онцлов.

Нийслэлийн зүгээс махыг зөвхөн жижиглэнгээр худалдах, борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмэгдүүлж нийт 600 болгохоор төлөвлөж байгааг мөн дуулгалаа.

Мөн даваа гарагаас эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр мах борлуулах ажлыг эхлүүлэхээр зохицуулж буйг хэлэв.

Ингэснээр компаниудын шаардлагын дагуу махны үнийг нэмэхээс өөр аргагүй болсон бөгөөд нөгөөдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18000 төгрөг, хонины махны үнийг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 15000 төгрөгөөр худалдаалах шийдвэр гарсан байна.

Махны үнэ цаашид нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн мах нийслэлийн дөрөв, тавдугаар сарын хэрэгцээг бүрэн хангах ажээ.