Дархан-Уул аймгийн нэр бүхий шүүгч нарыг албан тушаалаас нь огцрууллаа

Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2025/0125 дугаар магадлал болон 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ХТ/2026/0004 дүгээр хяналтын тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, сум дундын анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан болохыг тогтоожээ.
Эдгээр зөрчилд үндэслэн тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-д заасны дагуу шүүгчдийг “Монгол Улсын шүүгчийн албан тушаал”-аас огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Мөн энэхүү сахилгын хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/СХХШТ2026/0002 дугаар тогтоолоор хянаж, өмнөх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
