Нийслэлд 51,080 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттай шилжүүлнэ

2026-04-03 19:001min
20260403-190044-file.jpeg
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51,080 өрхийг 2026 он хүртэл шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд үнэ төлбөргүй зуух суурилуулах болон үнийн урамшуулал олгох зохицуулалт багтсан байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд 2026 он хүртэл “Агаарын чанарыг сайжруулах ногоон бүс” дэх таван дүүргийн 35 хорооны нийт 51,080 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 9, 11, 23, 28, 30, 31, 39, 43 дугаар хорооны 14,685 өрх, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 20, 21 дүгээр хорооны 12,229 өрх, Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 21, 22, 23 дугаар хорооны 8,483 өрх, Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29, 30, 31 дүгээр хорооны 13,655 өрх, Сүхбаатар дүүргийн 2, 12, 13 дугаар хорооны 2,028 өрхийг хамруулна.

Төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд сууцныхаа дулаалгыг бүрэн шийдвэрлэсэн тохиолдолд шингэрүүлсэн хийн халаалтын зуухыг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулна. Мөн халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас дараа оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал нийт 900,000 төгрөгийн үнийн урамшуулал олгох бөгөөд үүнийг бэлэн мөнгөөр бус, халаалтын улиралд хэрэглэсэн шингэрүүлсэн хийн төлбөрөөс үе шаттайгаар хасаж тооцох юм.

Дээрх хороодод оршин суудаг, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжих хүсэлтэй өрхүүд өөрийн харьяа хороонд хандан асуумжийн хуудсыг бөглөж, хүсэлтээ гарган бүртгүүлэхийг уриалж байна. Иргэдийн идэвхтэй оролцоо нь агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.