“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна

2026-04-03 18:301min
20260403-183019-file.jpeg
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж, Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөг болжээ.

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Монгол Улсад жил бүр хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.

Энэ жил уг аян “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод эхэлсэн бөгөөд гурван долоо хоногийн турш орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгуулсан юм.

Арга хэмжээний нээлтэд Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар оролцож, хүүхэд залууст хандан мөнгөө ухаалгаар удирдах дадлыг хэвшүүлэхийг уриаллаа.

Мөн Хадгаламжийн даатгалын корпорациас хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг сорьсон Кахуут хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг хуримтлалын дадал, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-ээр шагнаж урамшуулсан байна.