Говь-Алтайд хууль бусаар ховор амьтан тээвэрлэсэн иргэнийг илрүүлжээ

2026-04-03 08:301min
20260403-083030-file.jpeg
Говь-Алтай аймагт хууль бусаар "Алтайн хойлог" шувууг тээвэрлэж явсан иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлж, шалгаж байна. Хууль зөрчсөн тохиолдолд торгууль, хорих ял оноох зохицуулалттай.

Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хяналт шалгалтын үеэр иргэн Ө нь Toyota Lexus-600 маркийн тээврийн хэрэгслээр хууль бусаар ан амьтан тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, уг иргэн нь Монгол Улсын ховор амьтны жагсаалтад багтсан “Алтайн хойлог” шувууг хууль бусаар агнасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эд мөрийн баримтаар хураан авч Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор “Алтайн хойлог” шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хуульд заасны дагуу уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалттай.

Эрүүгийн хуулийн 24.5.1 дүгээр зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, мөн ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.