Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулах хуулийн төсөл танилцуулагдлаа

2026-04-03 09:301min
20260403-093022-file.jpeg
Монгол Улсад хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулж, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг сайжруулах хуулийн төсөл боловсруулагдаж байна. Судалгаагаар хүүхдийн өвчлөл, осол гэмтэл буурахгүй байгаа нь онцлог юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад нийт 1 сая 300 мянга орчим хүүхэд амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 36.2 хувийг эзэлж байна.

2025-2026 оны хичээлийн жилд 800 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах төлөвтэй байна. Гэвч хүүхдүүдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчин, шүдний өвчлөл, амьсгалын замын өвчлөл, сүрьеэгийн өвчлөл буурахгүй байгаа бөгөөд хүүхэдтэй холбоотой осол гэмтлийн тоо жил бүр нэмэгдэж байна.

Иймд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачилсан “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын хуулийн төсөл” танилцуулагдлаа.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан хэлэхдээ, Монгол Улс 2050 он гэхэд эрүүл насжилттай бүс нутгаар тэргүүлэх 10 улсын нэг болох зорилготой бөгөөд үүнд иргэдийн эрүүл насжилтыг 6 насаар нэмэгдүүлэх шаардлагатай гэж онцлов. Тэрбээр хүүхэд нас нь эрүүл насжилтын үндэс суурь болохыг тэмдэглэж, сургуулийн орчинд хүүхэд аюулгүй, эрүүл орчинд сурч боловсрох эрх хангагдахгүй байгааг онцолсон юм.

Сүүлийн 5 жилд 6-18 насны 250 мянган хүүхэд осол гэмтэлд өртсөн бөгөөд үүний 13.5 хувь буюу 33 мянга орчим нь сургуулийн орчинд осолд өртсөн байна. Тэдгээрийн дунд зам тээврийн осол, хүчирхийлэл түгээмэл тохиолддог гэжээ.

НҮБ-аас 2024 онд хийсэн судалгаагаар автозамтай ойр байрлах сургуулиудын 79 хувьд хурд сааруулагч байхгүй, нийт сургуулийн 73 хувь нь автозамтай ойр оршдог болохыг тогтоожээ. Мөн сургуулиудын 76 хувийн ойр орчимд ил задгай цахилгааны утасны эрсдэл байгааг илрүүлсэн байна.

Сургууль, цэцэрлэгийн дотоод орчны эрүүл ахуйн судалгаагаар засварын дараах материалуудаас ялгардаг бодисууд стандарт хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон бөгөөд хром 2.3 дахин, хар тугалга 2-5 дахин их хэмжээгээр илэрсэн байна. Үүний улмаас хүүхдийн архаг амьсгалын замын өвчлөл нэмэгдэх, хорт хавдар болон өсөлт хөгжлийн хоцрогдол үүсэх эрсдэлтэй гэж үзэж байна.

“Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах” хуулийн төсөл нь норм стандарт зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд хүүхэд хамгааллын механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Уг хууль нь 4 бүлэг, 27 зүйлтэй байна.