Богд ууланд гарсан ой хээрийн түймэр бүрэн унтраагджээ

2026-04-02 10:001min
20260402-100018-file.jpeg
Богдхан ууланд гарсан ой хээрийн гал түймрийг нийслэлийн Онцгой байдлын алба, хамгаалалтын ажилтнууд болон сайн дурын иргэд хамтран 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр бүрэн унтраалаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Зүүн оргил орчимд 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 16:06 цагт ой хээрийн гал түймэр гарсан байна. Гал түймрийг унтраахад Аврах анги, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд болон “Мод” мото клубын сайн дурын иргэд нийт 33 алба хаагч, долоон автомашин, гурван мотоциклтой оролцож, 17:30 цагт цурамд оруулан, 22:50 цагт бүрэн унтраасан гэж албаныхан мэдээлэв.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд таван удаагийн ой хээрийн түймэрт 37.8 га талбай, 356 удаагийн шар өвсний гал түймэрт 430.62 га талбай өртсөн байна.

Иргэдэд ногоон бүсэд зорчихдоо ил гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг бүрэн унтраах, шар өвс болон хог хаягдлыг шатаахгүй байх, автомашины яндангаас гал алдах эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.