Үхрийн цул махны үнэ 30,000 төгрөгт хүрч өмнөх оноос 8,000 төгрөгөөр нэмэгдэв

Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр, нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 30,000 төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8,000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь үнийн өсөлт 5.6 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.0 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс хонь, үхрийн мах болон дотоодын төмсний үнэ өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 1.7-3.1 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, хоёрдугаар сард нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 28,812 төгрөг байсан бол сүүлд 30,877 төгрөгт хүрчээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар үхрийн цул мах 22,394 төгрөгөөр борлуулагдаж байжээ.
Мөн энэ оны хоёрдугаар сард нэг килограмм хонины мах 19,181 төгрөг байсан бол одоо 21,435 төгрөгт хүрсэн байна. Үүнээс гадна нэг килограмм үхрийн ястай махны дундаж үнэ 26,976 төгрөг болж, хоёрдугаар сараас 2,395 төгрөгөөр өссөн байна.
Улаанбаатар хотод зарим гол нэрийн барааны үнийн индексийг харвал, Саруул захад нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 36,000 төгрөгт хүрч хамгийн өндөр үнэтэй байгаа бол Оргил супермаркетад 26,500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
