Ираны сөргөлдөөнөөс үүдэн ОХУ газрын тосноос 40 тэрбум ам.долларын орлого олно
2026-04-02 10:301min

Ираны сөргөлдөөн, Ормузын хоолой хаагдсанаас үүдэн ОХУ газрын тосны экспортын орлого нэмэгдэж, оны эцэс хүртэл 40 тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэж Европын судалгаанд дурджээ.
Оны эцэс хүртэл түлшний үнэ өндөр хэвээр байвал ОХУ газрын тосны экспортоос 40 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэж Европын хэд хэдэн орны засгийн газраас явуулсан судалгаанд дурджээ. Энэ талаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Ираны эсрэг АНУ, Израилын цэргийн ажиллагаа ойрын хугацаанд дуусч, Ормузын хоолой нээгдсэн тохиолдолд газрын тосны үнэ гурван сарын дотор сөргөлдөөнөөс өмнөх түвшиндээ хүрнэ гэж судлаачид үзэж байна.
Иранд сөргөлдөөн эхэлж, Ормузын хоолой хаагдсанаас хойш ОХУ-ын газрын тосны экспортын орлого эрс нэмэгдсэн бөгөөд Ойрх Дорнодоос газрын тосны нийлүүлэлт багассантай холбоотойгоор Энэтхэг, БНХАУ зэрэг орнууд ОХУ-аас газрын тос худалдан авах хэмжээ нэмэгдсэн байна.
