Цахим мөрийтэй тоглоомыг 2025 оноос Эрүүгийн хуулиар хориглож, дансаа ашиглуулсан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

2026-04-01 16:301min
20260401-163033-file.jpeg
Монгол Улсад 2025 оны долоодугаар сарын 1-нээс цахим мөрийтэй тоглоомыг Эрүүгийн хуулиар хориглож, мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан 7 хүнд холбогдох 5 хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Монгол Улсад цахим мөрийтэй тоглоомыг 2025 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулиар бүрэн хориглосон.

Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, төлбөрт бооцоот зохион байгуулагч нарт өөрийн банкны харилцах дансаа удаа дараа ашиглуулсан бол энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль эрх зүйн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.

Прокурорын байгууллагаас мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт дансаа ашиглуулсан 7 хүнд холбогдох 5 хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргээр Б.Н нь 2025 оны долдугаар сарын 8-нд өөрийн Хаан банкны харилцах дансаа мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт ашиглуулах замаар 62.6 сая төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын бооцоог төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тооцогдож, 300 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн.

Мөн түүний дансанд төвлөрсөн мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэдэд мөрийтэй тоглоом зохион байгуулагч нарт өөрийн банкны данс, утасны дугаар, цахим хаяг, цахим мөнгө зэрэг мэдээллээ ашиглуулах нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болохыг анхааруулж байна.

Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд зааснаар мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нь торгууль, нийтэд тустай ажил, зорчих эрхийн хязгаарлалт, хорих ял шийтгэлээр хохирол амсах зохицуулалттай юм.