УИХ-ын Тамгын газрын шинэ удирдлагууд томилогдлоо

УИХ-ын Тамгын газрыг Ерөнхий нарийн бичгийн дарга удирддаг бөгөөд Н.Учрал УИХ-ын даргаар томилогдсоны дараа 2025 оны 11-р сард Хууль зүйн ухааны доктор, профессор, гавьяат хуульч Л.Өлзийсайханыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.
Ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга болон хоёр дэд дарга ажилладаг бөгөөд эдгээр албан тушаалтнуудын ажлын чиг үүрэг харилцан адилгүй байна.
Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн хэргэмтэй, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нь 2026 оны 2-р сард УИХ-ын Тамгын газрын хоёр дэд даргын нэгээр томилогдсон.
Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Цагдаагийн дээд сургууль (1994), БХИС-ийн Удирдлагын сургууль (1997), ОХУ-ын Уралын Улсын хуулийн академийг (2000) төгссөн хуульч мэргэжилтэй.
Түүний ажилласан байдалд 1994-1995 онд Хилийн цэргийн офицер, 1995-1997 онд БХИС-ийн багш, 1997-2000 онд ХЦУГ-ын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх, 2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт туслах, 2010-2013 онд Улсын Ерөнхий прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурор, 2013-2019 онд Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажилласан туршлагатай.
2021 оноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх, мөн УИХ-ын дэд даргын зөвлөхөөр ажиллаж байв.
Г.Эрдэнэбат нь хууль эрх зүйн онол, практик туршлагатай бөгөөд эрүүгийн хуулийн чиглэлээр салбартаа үнэлэгддэг хуульчдын нэг юм. Тэрбээр Улсын Ерөнхий прокурорын орлогч байхдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсныг олон нийт сайн мэддэг.
