2025 онд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

2026-03-31 20:301min
20260331-203046-file.jpeg
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, хорих байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрхийн зөрчил илэрснийг танилцууллаа.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 31-нд 66.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд энэ өдөр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн 2025 онд хийсэн хяналт шинжилгээ, сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагааны үр дүнг танилцууллаа. Тэрбээр 11,000 километр зам туулж, 65 удаагийн урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийсэн бөгөөд 1,709 иргэнтэй ганцаарчилсан ярилцлага, асуумж авсан гэж мэдээлэв. Мөн 474 заалт бүхий 51 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлт 85 хувьд хүрсэн байна.

Хяналт шинжилгээний явцад хорих байрны орчны эрүүл ахуйн шаардлага хангагдаагүй, амьдрах байрны стандарт зөрчигдсөн, хүмүүсийг удаан хугацаагаар нэг байрлалд суулгасан, эм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй, алба хаагчдын ёс зүйн зөрчил, өргөдөл, гомдол гаргах боломж хангалтгүй зэрэг асуудлууд илэрсэн байна.

Мөн алба хаагч болон эрх чөлөө хязгаарлагдсан хүмүүсийн хооронд таагүй харилцаа, ёс зүйгүй байдал, дарамт шахалт, сэтгэл санааг шаналган зовоох хандлага давтамжтай илэрчээ. 2022 оноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 46 зөвлөмж хүргүүлж, зарим гэмт хэргийн шинжтэй тохиолдлыг шалгуулахаар шилжүүлсэн байна.

Сүүлийн дөрвөн жилд эрүүдэн шүүлт болон бусад хэлбэрээр хүний эрх зөрчигдсөн талаар 229 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 2022-2025 онд 96,190 хүнд 605 удаагийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ. 2025 онд эрүү шүүлтээс ангид байх эрхийг таниулах сургалтыг 386 удаа зохион байгуулж, 55,335 хүнийг хамруулсан байна.

НҮБ-аас Монгол Улсад найман удаагийн зөвлөмж өгсөн бөгөөд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг 2015 онд хуульд тодорхойлсон ч хэрэгжүүлэлт хангалтгүй байгааг Я.Цэлмэн онцлов. Хуулийг иргэдэд таниулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа дутмаг байгааг мөн дурдав.

Улсын Их Хурлын гишүүд тайлантай холбогдуулан хүний эрхийг хамгаалах, олон улсын стандартыг хангах, хараат бус, бие даасан механизм хэрэгжүүлэх шаардлагыг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хамтын ажиллагаа хэрэгтэйг тэмдэглэв.

Тайлангийн үр дүнг сайжруулах, НҮБ-ын зөвлөмжид тулгуурлан төлөвлөлт хийх шаардлагатайг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат онцлов. Мөн хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус байдал, гүйцэтгэх засаглалаас ангид ажиллах зарчмыг гишүүд хэлэлцэв.

Хууль зүйн байнгын хороо 2025 оны тайланг хэлэлцэж, цаашид хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд даалгав.