Улаанбаатар хотод барилгын бохирын хоолой бөглөрч, авто зам руу халих тохиолдол гарчээ

2026-03-31 19:301min
20260331-193034-file.jpeg
Улаанбаатар хотод барилгын бохирын хоолой бөглөрч, бохир ус авто зам руу халих тохиолдол гарч байна. Иргэдийг зүй бус хэрэглээнээс зайлсхийж, хог хаягдлаа зөв хаяхыг уриалж байна.

Улаанбаатар хотод 272 мянга орчим айл өрх орон сууцанд амьдардаг бөгөөд эдгээрийн ус, дулааны засвар үйлчилгээний үүргийг 70 контор хариуцан ажиллаж байна. Тодруулбал, айл өрхийн 48 хувийг нийслэлийн өмчит Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОНӨААТҮГ), 52 хувийг хувийн хэвшлийн 68 орон сууцны контор хариуцдаг.

Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл хэлэхдээ хувийн хэвшлийн орон сууцны конторууд нь олон жижиг бүтэцтэй, тоног төхөөрөмж болон боловсон хүчний дутагдалтай байдаг гэж онцлов. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний чанар муудаж, хугацаа алдах, гадна салбар шугамын урьдчилсан засварыг цаг тухайд нь хийхгүй байснаас нийтийн эзэмшлийн зам талбайд ус алдах, бохир халих зэрэг асуудал үүсэж байна. Иймд хувийн конторуудыг чадавхжуулах шаардлагатай гэж үзэж байна.

Мөн иргэд ариун цэврийн хэрэглэл, живх, алчуур, уусдаггүй цаас зэрэг төрөл бүрийн хог хаягдлыг жорлонгийн суултуур руу хаяж байгаа нь бохирын хоолой бөглөрч, халих эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд иргэдийг зүй бус хэрэглээнээс зайлсхийхийг уриалж байна.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн мастер Д.Баянжаргалын мэдээлснээр, тус дүүргийн 24 дүгээр хороо, “Хүннү молл” худалдаа үйлчилгээний цогцолборын урд талын барилгын бохирын хоолой дөрөв дэх удаагаа бөглөрч, бохир ус авто зам руу халих тохиолдол гарчээ. Энэ нь иргэдийн бохирын хоолой руу янз бүрийн хог хаягдал хийхтэй холбоотой бөгөөд бохир ус нэг давхрын айлын суултуураар хальж гарах, гадна талбайд халих, иргэд болон автомашин зорчиход хүндрэл үүсгэх, нян бактери тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс иргэд хог хаягдлаа хогийн саванд хаяж, хариуцлагатай байхыг зөвлөж байна.