Эрчим хүчний салбар дахь албан тушаалтнууд хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлнэ

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрчим хүчний салбар дахь албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Эдгээр хэрэг нь “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нарын үйлдэлтэй холбоотой байна. Тэд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” гүйцэтгэгч компанийн дутуу хийсэн ажлыг өөрсдөө гүйцэтгэхээр гэрээ байгуулан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нийт 100,000,000 төгрөгийн хахууль авсан гэж мөрдөн шалгажээ.
Эдгээр албан тушаалтнууд нь Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “РИ” компанийн гүйцэтгэж буй цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн байхад улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт, баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулж, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “РИ” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан 50,000,000 төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45,000,000 төгрөг, жолоочийнхоо дансаар 5,000,000 төгрөгийг хахуульд авсан дөрвөн удаагийн үйлдлийг тогтоожээ.
Тус хэрэгт холбогдогчдоос авсан нийт 100,000,000 төгрөгийг Төрийн сангийн Авлигатай тэмцэх газрын хохирлын дансанд төлүүлсэн гэж Авлигатай Тэмцэх Газраас мэдээллээ.
