2025 онд суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ

2026-03-31 16:301min
20260331-163024-file.jpeg
2025 онд суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд энэ нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Насанд хүрээгүй хүүхдүүд суррон жолоодох эрхгүй бөгөөд нийслэлд хоёр дугуйт хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг түр хугацаагаар хориглосон.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл болон суррон жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгохоор зохицуулсан бөгөөд насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 20-ноос 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл “хоёр дугуйт” тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна.

Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 онд улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна.

Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай долоон, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд байв.