Улаанбаатар хотод явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн гэрлийн шонгуудыг шилжүүлж эхэлжээ

2026-03-31 17:301min
20260331-173028-file.jpeg
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан 1,000 орчим гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлж эхэлсэн талаар албаныхан мэдээлэв.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1,000 орчим шонг шилжүүлжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлснээр, Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж байгууллага байдаг бөгөөд эдгээрийн 2025 онд хийсэн судалгаагаар нийслэлд явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд нийт 1,650 гэрлийн шон байрлуулсан байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн гэрэлтүүлгийн шонгуудыг чөлөөлж эхэлсэн бөгөөд түр хугацаанд тухайн орчмын зам, талбайг хучиж орхисон байна. Урин дулаан улирал эхэлсэнтэй холбогдуулан нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж, иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлж байгаа гэж албаныхан мэдээлэв.

“Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн цахилгааны техникч А.Амартүвшин хэлэхдээ, тус байгууллага Баянгол дүүрэгт гэр хороолол болон төв зам дагуух явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан 227 гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлсөн гэв.

Гэрлийн шонг шилжүүлэх ажил ойролцоогоор хоёр хоног зарцуулдаг байна.

Мөн зарим тохиолдолд 50 сантиметр хүрэхгүй нарийхан явган хүний замын голд гэрлийн шон суурилуулсан тохиолдлууд гарчээ.