Селин Дион дөрвөн жилийн дараа тайзанд эргэн ирнэ

Канадын алдарт дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа. Тэрбээр дуу хоолой болон алхах чадварт нөлөөлсөн эдгэршгүй өвчнөөр оношлогдсон ч энэ оны ес, аравдугаар сард Парисын La Defense Arena цогцолборт 10 орой концерт тоглохоор төлөвлөж байна.
58 насныхаа төрсөн өдөр шинэ тоглолтын товоо зарласан Дион тайзанд дахин гарах нь амьдралын хамгийн сайхан бэлэг гэжээ. Тэрбээр эрүүл мэндийнхээ талаар “Миний бие сайн, эрүүл мэндээ зохицуулж, сэтгэл санаа өөдрөг байна. Би дахин дуулж, бага зэрэг бүжиглэж байна. Сүүлийн жилүүдэд та бүхний дэмжлэгийг мэдэрч байлаа” гэж инстаграм хуудсандаа бичжээ.
Дион 2020 оны гуравдугаар сард Ньюарк хотод сүүлчийн удаа тоглож байсан бөгөөд дараа нь цар тахлын улмаас Courage аялан тоглолт нь тасалдсан юм. Тэрбээр Stiff Person Syndrome (SPS) хэмээх хөдөлгөөнгүй хүний синдром өвчнөөр оношлогдсноо 2022 оны арванхоёрдугаар сард зарласан.
SPS өвчин нь мэдрэлээс булчин руу чиглэсэн дохио зөв ажиллахгүйгээс үүдэн булчин агшиж, хөдөлгөөнд нөлөөлдөг мэдрэлийн өвчин бөгөөд одоогоор эмчлэх аргагүй юм. Дион өвчний шинж тэмдгийг хоолойн булчин чангарснаар анх мэдэрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд спортын болон дуу хоолойн эмчилгээ хийлгэжээ.
Түүний тоглолтын тасалбар дөрөвдүгээр сарын 7-ноос зарагдаж эхлэх бөгөөд шүтэн бишрэгчид урьдчилан захиалах боломжтой юм. Даваа гарагийн орой Эйфелийн цамхаг “Парис, Би бэлэн байна” гэсэн үгээр гэрэлтэж, хит дуунууд эгшиглэн Дионы эргэн ирэлтийг тэмдэглэв.
2024 оны Парисын Зуны Олимпын наадмын нээлтийн ёслолд Дион Эйфелийн цамхаг дээрээс Эдит Пиафын “Hymne a l’Amour” дууг дуулсан байна.
