Улаанбаатар хот үерийн хамгаалалтын далангийн цэвэрлэгээг эхлүүлэв

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг эхлүүлжээ. Цэвэрлэгээний явцад далан, суваг нь лаг шавраас илүүтэйгээр иргэдийн ахуйн хог хаягдал, үнс, угаадсаар дүүрсэн байгааг тогтоосон байна. Мөн автомашин засварладаг аж ахуйн нэгж, байгууллагууд тос, масло их хэмжээгээр асгасан зөрчил илэрчээ.
Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын лаг талбайн техникч О.Энхтүвшин хэлэхдээ, “Үерийн далан, сувгийг цэвэрлэх явцад лаг шавраас илүүтэй иргэдийн бохир угаадас, хог хаягдал, автомашин засварладаг ААН, байгууллагууд олонтой байршилд тос, масло их асгаж байна” гэжээ.
Тэрбээр үерийн хамгаалалтын байгууламжийг цэвэр байлгахгүй бол үерийн усны гаргалгаа бөглөрч, авто зам болон айл өрх рүү ус орж иргэдийн аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсэхийг анхааруулсан байна.
Иргэдийг хог хаягдал, үнс, угаадас, тос масло үерийн хамгаалалтын далан руу хийхгүй байхыг уриалж байна.
Мөн энэ онд нийслэлийн төсвөөс замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт 1 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталжээ.
