Жалелийн Хайруллын онцлох үгс

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч Жалелийн Хайруллын онцлог үгсийг хүргэж байна.
“Хүн чийгийн улаан хорхой шиг газар дээр нэг хоёр өдөр хэвтэж байгаад дээшээ гарч ирээд нар гарахаар шороо болоод арилчих гэж энэ хорвоод ирдэггүй” гэж тэрээр хэлжээ.
Амьдралын төлөө тэмцэж чадвал хүн ямар ч бэрхшээлийг давж чадна гэдгийг онцлон тэмдэглэж, “Аль болохоор хөнгөн маягаар амьдрах гээд зүтгээд байвал нэг л өдөр онхолдоно” гэж анхааруулсан байна.
Тэрээр бие эрүүл саруул байж зорьсондоо хүрэх нь жаргал гэж үздэг бөгөөд “Миний амьдралын үүрдийн түшиг, энэ насны минь давтагдашгүй жаргалан, тоононы хос баганын нэг, заяа тавилангийн утга агуулга бол миний хань билээ” гэжээ.
Аавын захиас нь эх орны даалгавар гэдгийг онцолж, эх орноороо, ард түмнээрээ, удам угсаа, эцэг эх, ханиараа, олон шавь нараараа бахархдаг гэдгээ илэрхийлсэн байна.
“Өвчтэй хүнийг эмчлэн эдгэрүүлж, жаргал эдлүүлэхийг ямар ч инженер техникч, нисгэгч, жолооч, бүжигчин, зурагчин, санхүүгийн мэргэжилтэн, улс төрч, сайд хийж чадахгүй, ганцхан эмч хүн л хийж чадна” гэж эмч хүний үүргийг тодотгожээ.
Тэрээр аливаа зүйлийг хатуужил тэвчээртэйгээр дуустал нь хийж бүтээх, эх орноо юу юунаас илүү хайрлахыг эрхэмлэдэг гэжээ.
Үнэн шударга байх, хөдөлмөрлөх хоёр зүйл хүнийг зөв амьдралд хөтөлдөг гэж үздэг бөгөөд ард түмэндээ тус болж, тэдэнд үгүйлэгдэхээр амьдрахыг амьд явсны утга учир гэж боддог гэдгээ илэрхийлсэн байна.
Эх орныхоо даалгаврыг биелүүлэх нь хүн болж төрсний гавьяа гэж тэмдэглэжээ.
“Нэгэн хэлтэрхий тоосго ямар нэгэн барилгын өнцөг буланд өөрийнхөө байрыг олж өрөгдөж явдаг, тэгж чадвал энэ хорвоо дээр бий болсны үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг” гэж онцлон дурдсан байна.
