Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл болон нөхцөл байдал

2026-03-30 08:301min
20260330-083024-file.jpeg
Туул голын бохирдол нэмэгдэж, төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул шинэ байгууламж барьж, цэвэрлэгээг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчимд ажиллав. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир ус Туул голын баруун салаа орчимд хамгийн их бохирдолтой гэж усны чанарын индексээр тогтоогджээ.

Т.Даваадалайгийн мэдээлснээр, Туул гол Хэнтийн нуруунаас эх авч 882 км урсдаг бөгөөд 2022-2024 онуудад голын 10 цэгт хийсэн судалгаагаар Сонгинын доод хэсгээс доош хэсэгт өндөр бохирдол илэрсэн байна. 1964 онд хоногт 160-180 метр куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай Төв цэвэрлэх байгууламж байгуулагдсан ч шинэчлэгдээгүйгээс бохирдол ихэссэн гэжээ.

Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр шинэ Төв цэвэрлэх байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны тавдугаар сард ашиглалтад орох юм. Шинэ байгууламж ашиглалтад орсны дараа Туул голыг аврах цэвэрлэгээг үе шаттай хийх төлөвлөгөөтэй байна. Мөн 1974 онд ашиглалтад орсон “Харгиа” бохир ус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь Туул голыг хүнд элементээр бохирдуулж байна.

Улаанбаатар хот Эмээлт эко аж үйлдвэрийн парк дахь арьс ширний үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх ариутгах татуургын байгууламжийн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй төсөл юм. Туул голыг бохирдлоос салгах, сэргээх олон төсөл, арга хэмжээг хот хэрэгжүүлж байна. НИТХ-д Туул голыг аврах хөдөлгөөн өрнүүлэх тухай тогтоолын төслийг бэлдэж байна.

НБОГ-ын дарга Н.Мөнхбаярын мэдээлснээр, Туул гол Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр 115 км үргэлжилдэг бөгөөд Төв цэвэрлэх байгууламжаас Алтанбулаг хүртэл 21 км орчимд 20-40 см зузаан лаг хуримтлагдсан байна. Лүн сум хүртэл 5 см зузаан лаг бий. Гаднын байгууллагын судалгаагаар энэ бохирдлыг механик аргаар Герман улсын тоног төхөөрөмжөөр цэвэрлэх боломжтой гэж үзжээ.

Усны инженер Ш.Баранчулуун 2022 онд хийсэн судалгаагаар Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн ус болон аваарын шугамын бохир ус голд нийлж, 40-50 см зузаан бохир лаг үүссэн гэж мэдээлэв. Мөн нөхөн сэргээлт хийгдээгүй хайрган карьерууд бохирдлыг нэмэгдүүлж, голын урсгалд сөрөг нөлөө үзүүлж байна. Бохир ус байгалийн аргаар цэвэршиж чадахгүй урссаар Лүнгийн гүүр хүртэл хүрч, зарим үед Орхон Туулын бэлчирт хүртэл бохирдол хүрдэг гэжээ.

Монголын тандан судлаачдын холбооны тэргүүн Б.Эрдэнэ Туул голын эргэн тойронд нөхөн сэргээгээгүй 50 см-ээс 5 метр гүн цүнхээлүүд олон байгаа талаар мэдээлж, Туул голыг аврахад шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв арга хэмжээ авах шаардлагатайг онцлов. Тэрбээр бохирдсон усыг ууж байгаа малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх ёстой гэж тэмдэглэв.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Ногоон булан” гэх газар өмнө нь үзэсгэлэнтэй амралтын газар байсан ч цэвэрлэх байгууламжийн ачаалал даахгүй болсон нь орчны бохирдлыг нэмэгдүүлжээ гэж байгаль хамгаалагч Ц.Саруулбаяр хэлэв.